6 сартай

  • Таны хүүхэд
  • Асаргаа
  • Ээжийн тухай

Эрэгтэй хүүхдийн өндөр нь  63.6 – 72.1 см, биеийн жин нь 6.4 – 9.6 кг болсон байна. Эмэгтэй хүүхдийн өндөр нь  61.7 – 70.4 см, биеийн жин нь 6.1 –  9.1 кг орчим болсон байна.
6 сар хүрэхэд хүүхдийн өсөлт, хөгжил маш хурдацтай явагддаг. Эх, хүүхдийн эрүүл мэндийн гарын авлага (ягаан дэвтэр) дээрх өсөлтийн муруйгаас тодорхой харагдана. Гэхдээ өиеийн жин өдөрт ойролцоогоор 10-20 гр, биеийн өндөр сард ойролцоогоор 1 см орчим нэмэгдсэн байна. 
Зарим үрс маань суудаг болсон байна
6 сар хүрэхэд зарим хүүхдүүд ээжийнхээ туслалцаагүйгээр буюу 2 суганаас нь түшээгүй байхад богино хугацаанд ганцаараа сууж чаддаг болно. Богино хугацаанд сууж чадаж байгаа ч гэсэн нуруугаа бөгтийлгөн, 2 гараараа газар тулж, урагш болон хажуу тийш унах тохиолдол нэлээдгүй гарна. 
Сууж чаддаг болох нь хүүхэд толгойгоо дааж чаддаг болсон шиг түүний өсөлт, хөгжил зэргээс хамаарна. Хүүхэд бусдын туслалцаа, дэмжлэггүйгээр ганцаараа сууж байвал сууж чаддаг боллоо гэж үзнэ. Ихэвчлэн 6 – 7 сартайдаа сууж сурна. Хүүхэд маань сууж чаддаг болсноор хүүхдийн харах өнцөг, хүрээ улам л тэлэгдэнэ. 
Цөөн тохиолдолд цахиур цухуйж эхэлнэ
Та хүүхдээ амаа ангайхад нь ажиглаарай. Доод буйл нь цагаарч эхлээд улам тодорсоор доод талын үүдэн 2  цахиур цухуйна. Гэвч хүүхэд хүүхдийн онцлогоос хамаарч эртдээ 3 сартайгаас, оройдоо 1 нас хүрэхийн алдад ч ургаж болно. Мөн заавал доод шүд гэлтгүй дээд цахиур нь түрүүлж цухуйж ч болно. Санаа зоволтгүй. 
Цахиур нь цухуйх гээд ирэхээрээ зарим хүүхэд тавгүйтдэг. Шүлс ихээр гоождог болно. Зарим тохиолдолд халуурна. Ээж нь гараа маш сайн угааж цэвэрлээд буйлан дээр нь аяархан дарж өгч болно. Мөн хаздаг тоглоом зуулгаж болно. Хаздаг тоглоом нь загатнааг намдаахаас гадна шүдний зөв ургалтад сайнаар нөлөөлнө. Тиймээс сайн чанарын хаздаг тоглоом сонгож авч өгөөрэй. 

 

Хүүхдийнхээ идэх хоолны хэмжээг өөрөөр нь тохируул

Энэ сараас дөнгөж нэмэлт болон бор хоолонд орж байгаа хүүхэд байгаа байх. Хүүхдийнхээ өсөлтөд тохируулан хооллох нь нэн чухал. Халбага, нэмэлт хоол, хэлбэр, амт зэрэг бүгдээрээ хүүхдийн хувьд цоо шинэ зүйл учир яаралгүй бага багаар, аажим аажмаар дасгаж өгөх хэрэгтэй.

★ Зажлахгүй учир шууд залгихыг нь бодолцож, мах болон ногоогоо маш сайн машиндсан байх

★ Хүүхэд халбагандаа дургүйцэхгүй байх

★ Өдөрт нэг удаа тогтмол цагт хооллох

★ Сулавтар амттай байх

★ Бага зэргийн завсарлагаатайгаар идүүлэх

зэргийг баримталж л байвал та хүүхдийнхээ идэх хоолны хэмжээг өөрөөр нь тохируулуулж байгаарай. Цахиур цухуйж байгаа хүүхдэд хооллосных нь дараа ус юмуу цай өгч шүдийг нь цэвэрлэж байгаарай.

Хүүхэдтэйгээ тоглож байгаарай

6 сар хүрэхэд хүүхдийн мэдлэг гоцгойрч эхэлдэг ба аав ээжтэйгээ тоглох хэмжээний харилцааг үүсгэж чаддаг.

Бараг хүүхэд болгоны анхны тоглоом гэж хэлж болохоор зүйлийг бичье.

Та нүүрээ алчуур юмуу, хоёр гараараа нуугаад  “миний хүү/охин эсвэл ... хаана байна?”  

Одоо алчуур эсвэл 2 гараа нүүрнээсээ холдуулаад “энэ байнөө” гэж ил гарч ирдэг тоглоомыг тоглож байгаарай. Энэ нь хүүхдэд зугаатай, хөгжилтэй байхаас гадна хүүхэд ээжийнхээ царайг дүрсэлж тогтоож аваад, одоо яг ил гарч ирнэ хэмээн итгэж, урьдчилан таамаглаж сурахад тустай.

Тоглоом сонгохдоо

Хүүхэд харж өгөх найдвартай хүнтэй болоорой, стрессээс ангижируулна

Ээжүүд ялангуяа хариуцлага өндөртэй ээжүүд маань өдрийн 24 цагийн турш хүүхдээсээ нүд салгалгүй асарч, бөөцийлдөг. Энэ нь эргээд сэтгэлзүйн хувьд ядаргаа, дарамт болж хувирдаг. Ингэж стресс аажмаар нэмэгдсээр хүүхэдтэйгээ байхдаа нэгэн хэвийн, уйтгартай болж, бүр заримлаа уйлахад нь хүртэл тоохгүй зөнд нь орхих шалтгаан болдог.

Ийм үедээ хүүхдээ нөхөртөө харуулаад ганцаараа байхад дотор чинь уужирч байна уу?

Хүүхдээ байнга зөвхөн өөрөө биечлэн харалгүй, гэрийнхэндээ харуулах, эсвэл хүүхэд асрагч хөлслөх, өдөр өнжүүлэхт харуулах зэрэг олон аргыг сөөлжүүлж бай. Мөн нөхрөөсөө гадна хүүхэд хараад өгчих найдвартай, хүүхэд харж асарч байсан туршлагатай найз нөхөд, эсвэл тийм хүнд найдсан ч  болно. Хүүхэд асрагч хөлслөх болон өдөр өнжүүлэхэд хүүхдээ харуулахаар шийдсэн бол тухайн хүн, газраа сайн судлах хэрэгтэй. Жишээ нь тухайн сонгосон хүн юмуу газраар хүүхдээ харуулж байсан ээжийн сэтгэгдлийг сонсох хэрэгтэй.

Хүүхэд асрахад нөхрийн оролцоо үгүйлэгдэж стресстүүлж байна уу?

Манай ээжүүд ихэнх нь хүүхдээ асрахын зэрэгцээ гэр орны ажлаа бүгдийг нь зохицуулж, нуруундаа үүрдэг байх. Хүүхэд хэчнээн хөөрхөн ч бүхий л цагаа түүнд зарцуулж, өөртөө зориулах чөлөөт цаггүй болно гэдэг тийм ч амаргүй. Түр амсхийж, завсарлага авмаар санагдах нь гарцаагүй.

Ийм ээжийн хувьд нөхөр нь хүүхдээ хэрхэн асрах нь чухал. Өчнөөн цагаар хүүхдээ нөхөртөө найдаад үлдээх нь хэцүү, санаа зовоомоор байсан ч өөрийн чинь ачааллыг нимгэлэхээр хараад үлдэж байгаа бол зүгээр л итгээд орхи. Өөртөө цаг зав гаргаж найзуудтайгаа уулзах, гоо сайхан орж, дэлгүүр хэсмээр л санагддаг биз дээ? Гэхдээ үүнийгээ уур бухимдлаар, хэрүүлийн өнгө аясаар биш аль болох тйаван байдлаар нөхөртөө хэлж ойлгуулах нь чухал. Нөхөр нь ч мөн ялгаагүй эхнэрээрээ заавал шахуулж шаардуулалгүй эхнэртэй цаг гаргаж өгч байх хэрэгтэй. Эхнэр тань хүүхдээ сэтгэл хангалуун, урамтай, хайр дүүрэн асарч халамжлахад ухаалаг нөхрийн дэмжлэг туслалцаа хамгаас чухал байдаг юм шүү.

 

 

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. 3[173.245.62.155]3 years өмнө

    3

  2. Цэрэндулам[112.72.11.112]3 years өмнө

    Манай хүү харшилтай бас бор хоолонд орж байгаа хоолны цэснүүд санал болгооч.