Хүүхэд гэрээр харах үйлчилгээ бидэнд хэрэгтэй юу?

Хүүхэд харах үйлчилгээ өндөр эрэлттэй байна. “Сургууль, цэцэрлэг амарсан зуны цагт бага насны хүүхдээ хэрхэх вэ” гэдэг гэр бүлүүдэд том асуудал болж байна. Зуны цэцэрлэгүүд байдаг ч эцэг эхчүүд хүүхдээ жилийн 4 улирал цэцэрлэгт явуулах нь зохимжгүй гэж үздэг. Тиймээс гэр, зусландаа хүүхэд харах хүн олохыг хичээдэг. Гэвч итгэл даах гэрийн асрагч тэр бүр олдоггүй. Нэг танил маань олон хоног хайсны үр дүнд хүүхэд гэрээр асрах хоёр ч оюутан охин олсон ч хагас сар ч бололгүй цөөн өдрийнхөө цалинг аваад утсаа салгаад алга болжээ. Энэ нь мэдээж ажлын хариуцлага муутай хувь хүний ухамсраас шалтгаалах зүйл хэдий ч ерөнхийдөө манай нийгэмд хүний итгэл даан ажиллаж, шударгаар мөнгө олох хүсэл эрмэлзэлтэй залуус тийм түгээмэл биш байгааг харуулж байх шиг. Ер нь хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой зар мэдээллийг харж байхад “Гэртээ хүүхэд харуулна, цалин хангалттай өгнө. Хамгийн гол нь итгэл дааж тогтвортой ажиллах хүн хэрэгтэй” гэсэн зар маш түгээмэл байдаг.

Хэрэв та /ялангуяа хичээл сургууль нь амарч буй оюутан охид/ хүүхэд асарч чаддаг л бол танд өдөрт 20-60 мянган төгрөгийн цалин өгөх ажил захаас аваад байна. Бүр гэртээ байрлуулах, үнэ төлбөргүй хоол ундтай ажил ч олон бий. Орон нутгийн оюутнууд зуныхаа амралтаар хотод ажил хийе гэвэл байр сав түрээслэх ч шаардлага байхгүй. Айлын гэрт үнэгүй суугаад хүүхдийг нь хараад боломжийн цалин авчихна.

Хамгийн гол нь Та бусдын итгэлийг даах хариуцлагатай л байхад хангалттай.

Хүүхэд харах үйлчилгээг хариуцлагатай хийж чадах хүн олширвол тэр хэрээр олон залуус ар гэртээ санаа зовохгүй ажил төрлөө хийнэ. Нөгөө талд олон хүн ажил, орлоготой болно гээд нийгэмд олон эерэг нөлөө үзүүлэх юм.Хоёулаа ажил хийдэг, ганцаараа хүүхдээ өсгөдөг эцэг эхчүүдийн тоо нэмэгдснээр чанартай хүүхэд хардаг үйлчилгээний хэрэгцээ гарч ирж байгаа юм. Та хүүхдэд хайртай мөн хүүхэдтэй холбоотой бизнэс эрхлэхийг сонирхож байвал та энэ талаар бодоод үзээрэй. Үүнд гэрээр харах үйлчилгээнээс авахуулаад том хэмжээний хүүхэд харах төвүүд орж болно.
Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр цэцэрлэгийн барилга барих төсөв хэмнэгдэж, хувийн хэвшлийг татан оролцуулах сайн талтай бөгөөд гэр хороололд өөрсдийн хашаа байшинг тохижуулан энэхүү үйлчилгээг эрхлэх хүсэлтэй иргэд ч олон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Тэхээр нарийндаа баталгаатай үйлчилгээ санал болгосон бизнесийн төлөөллүүд, мэргэжлийн сургалтанд хамрагдсан гэрээний дагуу ажиллах, хариуцлага хүлээж чадах хүүхэд асрагч, гэрийн багш нар хэрэгцээтэй байна. Үүнээс гадна өрх толгойлсон ээжүүдэд ажил хийх боломжийн олгох зорилгоор хүүхэд харах үйлчилгээнд зарцуулах зардлыг улсаас талыг нь даах хуулийн орчин бидэнд хэрэгтэй.

Өндөр хариуцлага хүлээж чадах хүүхэд асрагчид даатгаад давхар хүүхдээ онлайнаар хянах боломжтой байвал бүүр илүү биз? Юуны талаар яриж байна гэхээр бичил хяналтын камер, гар утсанд суурилсан програм хангамж. Утаснаасаа хүүхдээ хараад санаа амар ажлаа хийх эдгээр хэрэгцээг олж харцгаая.

За жишээ нь ямар үйлчилгээнүүд байх боломжтойг задлаж бичье. Үүнд:

  • Ажлын хоногуудад ажлын цагаар харах
  • Сургуулын дараа харах
  • Онцгой цагуудад харах
  • Сургууль цэцэрлэгт хүргэж өгөх, авах
  • Амралтын өдөр оройгоор, өдрөөр харах(Эцэг эхчүүдэд болзох цаг гаргах)
  • Асаргаа сувилгаа шаардсан үйлчилгээ
  • Сургалттай хүүхэд харах бичил төвүүд

Эдгээр үйлчилгээг зөв нэвтрүүлж чадвал олон эцэг эхчүүд ажил хийх боломжтой болж, олон ажилгүй иргэд ажлын байраар хангагдаж байгаа юм. Та энэ талаар санал бодлоо хуваалцаарай. Хэрэгтэй гэвэл бүүр илүү дэлгэрүүлж ярилцацгаая.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд