Бахархууштай эгч дүү хоёр

АНУ-ын Колорадо мужид сурдаг эгч, дүү хоёр цагийн ажил хийж, цуглуулсан 10.000 гаруй ам.доллараараа хөгжмийн холбогдолтой 300 гаруй ном, зохиол, сэтгүүл худалдан авч, Хөгжим бүжгийн коллежийн (ХБК) номын санд хандивлалаа. Тэднийх есөн жилийн өмнө Колорадо руу нүүжээ.

Эгч Б.Дөлгөөн нь Денверийн их сургуульд математикийн багш, зам гүүрийн инженерийн ангид сурдаг бол дүү нь ахлах сургуулийн аравдугаар ангийн сурагч аж. Б.Дөлгөөн 13 настайгаасаа хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж эхэлжээ. Тэндхийн нэг ресторанд зөөгчөөр ажилд орж, зохион байгуулагч хүртлээ дэвшсэн байна.

Харин дүү нь гурван жилийн өмнөөс хүүхэд асрагч, цэцэрлэгч зэрэг цагийн ажил хийж эхэлжээ. Ийн тэд дөрвөн жил цуглуулсан мөнгөөрөө ном авч, ХБК-ийн номын санд хандивлахаар шийдсэн байна. “Манай хамаатны дүү сургуулийнх нь номын санд хөгжмийн онол, нотны ном цөөхөн байдаг болохоор багш нар дундаа хэрэглэдэг.

Сурагчид бүгд уншиж, хичээлдээ хэрэглэж чаддаггүй гэж ярьсан. Би дүү Барсболдтойгоо хамт номын дэлгүүрүүдээр орж хөгжмийн холбогдолтойг нь сонгож авсан. Ном хэрэгтэй хүндээ л очих ёстойгоос биш хаа нэг хүний шүүгээнд, дэлгүүрийн тавиур дээр тоосонд дарагдан хэвтэх ёсгүй. Дүү нар маань энэ номыг уншаад хөгжмийн мундаг зохиолч, хөгжимчид болж дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргаасай гэж хүсэж байна” гэж Б.Дөлгөөн хэлсэн юм. Тэд цаашдаа ХБК-ийн хамт олонтой холбоотой байж хэрэгцээтэй, Монголд олддоггүй номыг АНУ-аас явуулж байхаар болжээ.

Эгч, дүү хоёр өмнө нь ЭХЭМҮТ-д зурагт хандивлаж, хэвтэн эмчлүүлж байсан цусны өвчтэй хүүхдүүдэд хувцас, хичээлийн хэрэгсэл зэргээр тусалж байсан аж. ХБК-ийн захирал, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат “Ном гэдэг хэмжиж, үнэ тогтоох боломжгүй бүтээл. Монголчууд номын цагаан буян дэлгэрэх болтугай гэж ерөөдөг. Энэ бүтээлийг хүний оюунд хандивлах нь том буян. Хөрөнгө мөнгөтэй бизнесмэн биш оюутан охин, сурагч дүүтэйгээ хамт цагийн ажил хийж авсан цалингаа өөрсдөдөө ч зарцуулалгүй хурааж, хөгжмийн онолын болон дэлхийн сор бүтээлүүдийг шингээсэн номыг манай сургуулийн номын санд хандивлаж байгаад үнэхээр талархаж байна. Хүүхдүүдийнхээ цаашдын сурлагад өндөр амжилт хүсье” гэв.
– See more at: http://www.mongolcom.mn/read/11276#sthash.LgKPX8NR.dpuf

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд