Нойр дутуу байх нь харилцаанд cөрөг нөлөө үзүүлдэг

Дутуу нойртой явах нь хэрүүл үүсэх шалтгаан болдгоос гадна таны эрүүл мэндэд хортой.

Бид удахгүй зуны цагийн тоололд шилжихээр болсон билээ. Энэ нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

Нойр дутуу байх, бага унтах нь таны сэтгэлзүйд сөрөг нөлөөтэйг судлаачид тогтоожээ. Ердөө нэг л өдрийн нойрны дутагдлаас болж таны ааш авир огцом өөрчлөгддөг байна.

Судалгаагаар дутуу нойртой хүмүүс илүү хувиа хичээмтгий, ууртай догшин болдог ба бусдыг ойлгох чадвар буурдаг. Үүнээс болж гэр бүлийн хэрүүл үүсэх нь элбэг тохиолддог аж.

Бид цагийн өөрчлөлтөөс болж эрт унтаж чадахгүй, өглөө босоход хүндрэлтэй болдог учир нойрны дутагдалд орохгүй байх үүднээс энэ тал дээр анхаарах хэрэгтэй.

Америк улсын Калифорнийн их сургуулийн сэтгэлзүйч 84 хүний дунд сонирхолтой судалгаа явуулсан байна. Тэднийг 14 хоногийн турш өдрийн тэмдэглэл хөтлөхийг хүсэж, ингэхдээ хэдэн цагт унтсан болон хэдэн цагт сэрснээ давхар тэмдэглэхийг хүссэн байна. Энэхүү судалгаагаар урд шөнө нь хангалттай унтаж амраагүй хосууд өдөр нь хэрүүл маргаантай байсан нь анзаарагджээ.

Удаах дүгнэлтээр дутуу нойртой хүмүүс бусдын санаа бодол, илэрхийлэх гэж буй санааг ойлгох чадваргүй болдгоос гадна нөгөө хүндээ ч буруу ойлголт төрүүлэхээр ааш авир гаргадаг байна. Юу гэсэн үг вэ гэхээр Бат нойр дутуу бол өөрийнх нь зан авир өөрчлөгдөөд зогсохгүй хангалттай сайн амарсан эхнэртээ хүртэл таагүй нөлөө үзүүлж байдаг.

Мөн нойр дутуу байх нь тархины зөв бурууг дүгнэдэг хэсгийн ажиллагааг сулруулж түргэн уурлах, уураа захирах чадваргүй болгодог байна.

Зуны цагийн тоололд шилжих хугацаанд эрүүл мэнд муудах, ажлын байранд гарах осол нэмэгдэх эрсдэлтэй байдаг аж.

Хүний бие цагийн өөрчлөлтөнд дасахын тулд багадаа нэг долоо хоногийн хугацаа шаардагддаг бөгөөд тэр дундаа эмэгтэйчүүд илүү хурдан зохицож чаддаг.

Тиймээс та зуны цагийн өөрчлөлтийн эхний долоо хоногт кофейнтэй уух зүйлсийг унтахынхаа өмнө хэрэглэхгүй байх, хангалттай унтаж амарч байхыг анхаараарай. Ядраад байвал цайны цагаараа 10-20 мин унтахад хангалттай. Үүнээс илүү цагаар унтвал таны нойрны хэмнэл өөрчлөгдөнө. Мөн эхнэр тань, нөхөр тань урд шөнө муу унтаж амарсан бол дараа өдөр нь харилцаан дээрээ болгоомжтой байхыг зөвлөж байна.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд