Мэдвэл зохих монгол ёс заншил

Монгол хүн бүр Монгол ёс заншил, өв уламжлалаа дээдэлж байх нь Монгол хүн байхын утга учир билээ. Тиймээс доорх хүүхэдтэй холбоотой Монгол ёс заншлыг та мэдээд аваарай.

1

1

ХҮҮХДИЙН УГААЛГЫН ЁСОН

Шинэ төрсөн хүүхдийг угаах, хүүхдэд нэр өгөх ёс хамгийн хүндтэй зан үйлийн
нэг бөгөөд Монгол түмэн эрт цагаас эрхэм дээд ёс заншил болгон тэмдэглэж ирсэн түүхтэй билээ.
Хүүхэд төрсөн нь тухайн айлд тохиолдсон сайхан учрал, онцгой үйл явдал юм. Үүнийг хүүхдийн угаалгаас мэдэж болно.
Хүүхдийн угаалга нь шинэ хүнийг гэр бүлээрээ, олноороо хүлээн авч, дуудагдах нэрийг өгөх ёслол юм.
Хүүхэд төрснөөс хойш голдуу 3 хоноод, хэрэв бие султай, ороолгон хүүхэд байвал 7 хоноод хүүхдийн угаалгыг хийдэг заншилтай. Тохиолдох аль сайн өдрийг товлон уг ёслолыг үйлддэг уламжлалтай.
Хүүхдийн угаалгын ёслолд зориулж идээ будаа, зоог шүүс, айраг, сархад бэлтгэнэ. Зарим нутагт зоог шүүсэнд эхийг төрөхөд гаргаж шөл өгсөн хонины гэдэс дотор, цус, үнхэлцэг, элэг бөөр оролцуулдаг ёс бий.
“Угаалга” нь гол төлөв өрх гэр, хот айлын хүрээнд болж өнгөрдөг учир тусгайлан зар тарааж зочид урьдаггүй. Харин хүүхдийн угаалганд эх барьж авсан хүн буюу “авсан ээж”-ийг хүндэтгэн урьж хамгийн хүндтэй зочин болгож гэрийн хойморт суулгаж, төрсөн эхэд зориулан гаргасан хонины ууцыг өмнө нь тавьж хүндэтгэдэг. Хүүхдийн “авсан ээж” нь угаалганд ирэхдээ гурван бүсний хамт нэхий өлгийг хүүхдэд бэлэглэдэг. Тэгээд хүүхэд угаах зан үйлийг удирдан гардан гүйцэтгэдэг.
Угаалгын ёслолыг үдээс өмнө эхлэнэ. Хүүхдийг эрүүл чийрэг өсгөхийн тулд айраг, цагааны шүүсээр угааж, арц буцалган булхуулж ариулдаг байжээ.
Хүүг 3 рашаан гэгдэх эхний хар усаар эхэлж угаана. Дараа нь цагаан рашаан буюу хярмаар, дараа нь ууц тавихад зориулж гаргасан хонины хүзүүний шөлөөр угаана. Уг угаалгыг авсан ээж нь үйлдэнэ.
Дараа нь нэхий өлгийндөө хүүгээ өлгийдөөд төрсөн өдрийнх нь гаригийг оролцуулан хүүхдэд нэр хайрлаад эх, хүү 2-ыг ариусгана.
Гэрийн хаяанд /хананд/ төрсөн эх энэ үеэс хойш дээшээ байрлаж байна гэсэн үг юм.
Угаалгын махан зоогонд ууцнаас гадна хонины баруун гуяны шаант чөмгийг “хүүхдийн хувь” гэж тавиад сүүлд нь эх нь идэж, шагайгий нь салгалгүй, чөмгийг нь ташилгүй бүтнээр нь хоймор авдартаа хадгалдаг.
Угаалгын зоогонд “хурим” гэж нэрлэгдэх зоог ордог. Өрөмтэй будаа, тос, аарц хольж тавих ба идээ будаа, чихэр жимс, ундаа айргаа тавьж “хүүхдийн угаалгын ёслолын найр” хийнэ. Найранд угаалгын ёслолыг нар шингэх (тонгойх)-ээс өмнө өндөрлөдөг ёстой. Хүмүүсийг ихэд ууж согтуурхыг хатуу цээрлэнэ.

2

2

НЭР ХАЙРЛАХ ЗАН ҮЙЛ
Нэр бүтэн бол заяа бүтэн
Монгол Ардын Зүйр сэцэн үг

Монголчуудын дунд шинэ гарсан хүүхдийн угаалга хийх, нэр өгөх зан үйл нь гэрийн төдийгүй төрийн ёсыг хамтад нь агуулсан эрхэм дээд хүндэтгэл юм.
Хүүхдийнхээ угаалга хийх өдрийн өглөө нь эрт босож гэр орноо янзлаад, тавгийн идээгээ засаж цай, цагаалгаа бэлэн болгочхоод бага үд болмогц айл саахалтынхнаа урьж оруулаад өөрсдийнхөө өвөө, эмээ, ах дүүгээ зална. Ийнхүү суудлаа эзэлсний дараа шинэ хүндээ хэн гэж нэр өгөх талаар ярилцаж, хүмүүсийн хэлсэн олон нэрнүүдээс хамгийн сайхан сонсголонтой, зөн билэгтэй, тэр хүүхдийн жил, сар, өдрийн байдалд тохирсон нэрнүүдийг олон хэсэг жижиг цааснаа нэг нэгээр нь бичиж хуйлаад /сугалаа мэт болгож/ урьдаас бэлтгэсэн дотроо будаатай вааран дотор тараан хийж, дээрээс нь будаагаар бүрхүүлэн далд оруулаад ваар савны амыг нь хадгаар бүтээн бурхан шүтээнийхээ өмнө аваачиж тавина.
Ингэсний дараа өвөг эцэг, эмэг эх, авсан эх гурав хамжин хүүхдээ, унасан газрын урсгал усаар “бүлээн цай, шөл хийж” угаана. Хүүхдийг угааж өлгийдсний дараа хамгийн ахмад хүн ваарыг өвөр дээрээ аваад хоёр гараараа нар зөв эргүүлэн зөөлөн зайлахад хуйлж хийсэн нэрнүүдээс аль түрүүлж гарч ирснийг нь эцэг, эх хоёрын аль нэгээр авахуулж задалж үзэхэд тэнд бичигдсэн нэрийг хүүхдэд өгнө.
Хэрвээ хүүхэд эрэгтэй бол баруун чихэнд нь, эмэгтэй бол зүүн чихэнд нь тэр нэрийг 3 удаа аяархан хэлээд өлгийтэй хүүхдээ хоёр гардан өргөж хүмүүст дуулдахаар нэрийг нь гурван удаа хэлээд орон дээр нь тавина.
Цугларсан олон адууны хүн үү, аль эсвэл тогооны хүн үү? гэж асуугаад авчирсан бэлгээ өгнө.
Ёслолын эцэст хүүхдэд хандан:
Эх эцэгтээ энэрэлтэй
Элэг садандаа түшигтэй
Эх орондоо гавьяатай
Эрхэм сайн хүн болохын
Эетэй сайхан ерөөлийг
Энд дэвшүүлж айлтгая гэж ерөөнө.
Хүүхдийг угаах, нэр өгөх ёслолыг ийнхүү хамтатган хийдэг нь нарийн учир уялдаатай юм.
Эрдэнэт хүний биеийг олоод эцэг, эхээс хайрласан нэр төрөө эрхэмлэн хамгаалж ирсэн түүхтэй ард түмэн билээ.
“Дуудах нэрийг эцэг эх
Дуурсах нэрийг өөрөө олдог”
“Нэр хугарахаар
Яс хугарах”
“Хүн нэрээ тогос өдөө” гэх мэтээр эртнээс нэр төрөө эрхэмлэн дээдэлж иржээ.

3

3

ХҮҮХДИЙГ ХӨХНӨӨС ГАРГАХ СУДАР
Хүүхдэд эхийн хөхний сүү шиг амин дэм, дээдийн сайн тэжээл гэж байхгүй. Гэвч эхийн хөх өвчлөх, сүүгүй болох, хүүхдээ хүнд үрчлүүлэх гэх мэт олон шалтгаанаар хүүхдээ хөхнөөс гаргах тохиолдол бий. Гэхдээ өдөр судар үзэлгүйгээр дуртай өдрөө гаргадаггүй. Монгол зурхайн өдөр үзлэгийн сударт “Эх хүн хүүхдээ хөхнөөс гаргах өдөр” гэж тусгайлан заасан байдаг.
Yүнд:
1. Хулгана өдөр 22 дахь одтой
2. Үхэр өдөр 19 дахь одтой
3. Бар өдөр 24 дахь одтой
4. Туулай өдөр 21 дахь одтой
5. Луу өдөр 19 дахь одтой
6. Могой өдөр 16 дахь одтой
7. Морь өдөр 13 дахь одтой
8. Хонь өдөр 10 дахь одтой
9. Бич өдөр 7 дахь одтой
10. Тахиа өдөр 4 дэх одтой
11. Нохой өдөр 1 дэх одтой
12. Гахай өдөр 25 дахь одтой таарч тохиосон өдрүүд сайн гэж сонгодог.
Нэг анхаарах зүйл гэвэл зуны тэргүүн могой сар, намрын тэргүүн бич сард хүүхдийг хөхнөөс гаргах цээртэй байдаг.

4

4

“ЭНРХИЙ” ХҮҮХЭДТЭЙ ХОЛБООТОЙ ЗАНШИЛ

Хүүхэд нь тогтдоггүй айл үр хүүхэд олонтой тэд нь эсэн мэнд бойжиж байгаа эх хүний дотоод энгэр хормойноос авч хадгалах, ихрийн өрөөсөн хүнээр эх барьж авахуулах, хүүхдийн дээрээс тогоо хөмөрч гадуур нь зурах, харь угсаа гаралтай хүний дээл хувцсанд боож авах, гэрийн тавилгыг сольж тавих, чонын арьс тулманд боож авбал сайн гэдэг ажээ. Мөн тийм хүүхдийн хүйг цагаан зээр, буга, чоно, алаг даага гэх мэтийн амьтадын шөрмөсөөр боодог байжээ.
Хүүхэд нь тогтдоггүй айлд хүүхэд төрөхөд Шаалуу, Бэлтрэг, Боохой, Мод чулуу, Эмээл, Янгиа, Оргодол, Хөх нохой, Цагаан нохой, Орос гэх зэрэг нэр өгдөг. Тогтдоггүй хүүхдийг өөр айлд өргүүлж, үрчлүүлдэг заншил зарим нутагт одоо хэр байна. Тэгэхдээ эхээс нь нуугдуулж буруу үүдээр гаргадаг. Тогтдоггүй хүүхдийг элдэв муу юмнаас сэргийлэхийн тулд онго зүүлт зүүх, нялх бага цагт нь айлд оруулахгүй байх, хүүхдийн угаалгын ёсыг цээрлэх, хүүхдийн хүзүүнд бяцхан гархи гинж зүүлгэх, буруу энгэртэй дээл өмсгөх, ан амьтны арьс үс, шүд, соёо, шагай, шувууны хумс, загасны хүзүү нурууны яс тэргүүтнийг зүүлгэхийг ихэд эрхэмлэдэг. Тогтдоггүй хүүхдийн үсийг багад нь авдаггүй байв. Тийм хүүхдийн дээлэнд есөн нүх зүүлгэж байсан нь “тогтоох” гэсэн бэлгэдэл юм.

5

5

ДОЛООН ХҮҮХДИЙН НАЙР

Үр хүүхэд гаргадаггүй эмэгтэй хүнтэй айл ийм ёслол үйлддэг байв. Найрт доод тал нь долоо юмуу түүнээс дээш тооны хүүхэд оролцдог. Насанд хүрэгсдийг оролцуулдаггүй журамтай. Тэгээд өрхийг бүтээн харанхуйд ууж идүүлэн, хөгжөөн шуугилдуулж дуу дуулуулан уг ёслолыг гүйцэтгэдэг. Өрх бүтээж харанхуй болгодог нь шөнийн тэнгэрийг дүрсэлж байгаа ажээ. Энэ ёслол долоон бурхан одыг үр хүүхэд заяаж авчирдаг гэсэн бэлгэдэл юм.

6

67

ҮР ХҮҮХЭД ГУЙХ
Эмэгтэйчүүд хүүхэд гаргахгүй байхад хүн чулуунд хадаг барьж мөргөн үр хүүхэд заяахыг гуйдаг байв. Түүнчлэн удган мод, уул овооноос үр хүүхэд гуйх мөргөх заншил ч байдаг. Монголын бөөгийн онгодын тэргүүн газар гэгдэх Даян дээрхийн агуйнаас үр хүүхэд гуйж , өргөл барьц өгч мөргөдөг байлаа. Халхын голын нутгийнхан Вангийн цагаан уулын “Хүүхдийн овоо” гэдэгт өргөл мөргөл үйлдэж үр хүүхэд гуйдаг байжээ. Зарим нь үр хүүхэд заяахыг бэлгэдэж тусгай овоо хүртэл босгодог байсан гэдэг.
Олон хүүхэдтэй айлаас хүүхэд үрчилж, хүүхэд дагуулж ирэхийг зөгнөдөг байв. Айлын хүүхэд цуглуулж баясгалан, даалуу, хорол, шагай мэтээр тоглуулан будаалга цайллага хийдэг байжээ.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Серхан М[95.57.56.181]2 years өмнө

    Сайн байцгаана уу? Би монголын ес заншилиийг казах хэлээр орчуулан цуглуулж ном болгох зориготой, тийм учраас таний бичлгийг хуулж авлаа. учлаарай!

  2. Enhjin Erh Gvnj[173.245.48.108]3 years өмнө

    Medehed ilvvdehgvi

  3. enhchimemeg 15 -tsserleg[141.101.104.142]3 years өмнө

    Sanaa avushtai

  4. Anonymous[108.162.254.33]3 years өмнө

    ok

Таны сонирхолд