Эрүүл жирэмслэлтэд хэрхэн бэлдэх вэ?

Та гэр бүлдээ баяр баясгалан, инээд хөөр бэлэглэх гэр бүлийн шинэхэн гишүүнтэй болохоор төлөвлөж байна уу? Тэгвэл та үүнд сэтгэл санаа, бие махбодио бэлдэх хэрэгтэй гэдгийг сонсож байсан ч яг юуг бэлдэх хэрэгтэй гэдгийг мэдэхгүй байвал үүнд анхаарлаа хандуулаарай.

  • Жирэмслэлтэд бэлдэх талаар мэргэжлийн эмчтэй уулзаж зөвлөгөө авах хэрэгтэй. Ингэснээр таны эрүүл мэндийн одоогийн байдлыг үнэлж мөн түүнчлэн жирэмслэлтэнд нөлөөлж болохуйц гэр бүлийн болон таны эрүүл мэндийн эрсдэлт байдлыг тодорхойлоход тусална. Мөн таны хийх дуртай зүйлс болон ажил нь таныг аливаа халдварт өртүүлэх эрсдэлтэй байгаа эсэхийг тодруулаарай. Хэрэв та даралт ихдэх , багтраа, чихрийн шижин гэх мэтийн эрүүл мэндийн асуудалтай бол энэ талаар зөвлөлдөж, ярилцах боломж олгох ба та түүнд өөрийн архаг өвчинг илрүүлэхэд нь хамтран ажиллаж туслах хэрэгтэй.
  • Амны хөндийн эрүүл мэндийн асуудал мөн маш чухал. Шүд эрүүл бол бие эрүүл гэдгийг битгий мартаарай. Эрдэмтэд зарим зулбалт шүдний өвчлөлөөс шалтгаалдаг гэдгийг тодорхойлсон нь байдаг.
  • Өндөртөө тохирсон хэвийн жинтэй болохыг хичээгээрэй. Өндөр, биеийн жингийн индексийг ашиглан өөрийгөө илүүдэл болон бага жинтэй байгаа эсэхээ тодорхойлоорой.
  • Дасгал хөдөлгөөн. Хэрвээ та ямар нэгэн дасгал хөдөлгөөн тогтмол хийдэггүй бол одоо эхлэх цаг нь болжээ. Дасгал хөдөлгөөн нь стрессийг удирдах болон эрүүл чийрэг байхад ихээхэн нөлөөтэй байдаг болохоор та өөрийн хүсэлдээ тохируулан спортоор хичээллээрэй. Эрүүл чийрэг байхын тулд дасгал хөдөлгөөнийг долоо хоногт 4-5 удаа, доод тал нь 30 минут хийвэл үр дүнтэй. Урьд нь дасгал хөдөлгөөн хийж байгаагүй бол аажмаар энэ түвшин хүртэл хийгээрэй. Мөн жирэмсэн эхчүүдэд зориулсан аарцагны булчингийн дасгал буюу Кегелийн дасгал, аарцгийг эргүүлэх болон өвдөг дээрээ хагас суух дасгалууд хийж болно.
  • Жирэмсэн болохыг оролдож байгаа бол хоол тэжээлийн асуудал маш чухал. Тэнцвэртэй, эрүүл хоолны дэглэм нь уураг (жишээлбэл мах, бяслаг, хатаасан шош), бүхэл үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон кальцийг (жишээлбэл сүү, сүүн бүтээгдэхүүн) агуулсан байх хэрэгтэй. Таны хоол хүнсэнд хангалттай фолийн хүчил агуулагдаж байх нь урагт мэдрэлийн гуурсын гажиг үүсэхээс урьдчилан сэргийлж чадна. Фолийн хүчил нь ногоон хүнсний ногоо болон бүхэл үрэнд агуулагддаг боловч ургийн гажгаас урьдчилан сэргийлэх тунд хүрдэггүй учраас нэмэлтээр 400 микрограмм фолийн хүчил агуулсан витамин нэмэлтээр хэрэглэх хэрэгтэй. Мэдрэлийн гуурс нь эмэгтэйчүүд жирэмсэн гэдгээ мэдэхээс өмнө үүсчихсэн байдаг учраас эмч нар фолийн хүчлийг бүүр эртнээс төрөх насны эмэгтэйчүүдийг ууж байх хэрэгтэй гэж зөвлөдөг`.
  • Архи тамхи болон бусад донтуулагчаас татгалз. Эдгээр нь ургийн хөгжилд нөлөөлхөөс гадна, жирэмслэх чадварт бас сөргөөр нөлөөлдөг.
  • Төрөл бүрийн эм, нэмэлт тэжээл, ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд нь ургийн хөгжилд нөлөөлж болзошгүй тул та эдгээрийг эмчтэй зөвлөж хэрэглэх хэрэгтэй. Магадгүй та байнга эм хэрэглэх шаардлагатай байдаг бол эмчдээ хэлж эмээ солих шаардлагатай эсэх талаар асуугаарай.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд