Бяцхан тэмдэглэлийн дэвтэр

Хүүгээ хараад гэртээ сууж байхад надад олон асуудал тулгардаг. Зарим эзэгтэй нарт ч адилхан байх. Надад тохиолддог том асуудлын нэг нь санхүүгийн асуудал. Цуглуулсан жаахан мөнгөө гэртээ сууж орлогогүй байгаа энэ үедээ үрчихмээр үе, хэрэглээ зөндөө тохиолддог. Гэхдээ намайг нэг л хүсэл зориого минь зогсоодог. Тэр бол өөрийн гэсэн бизнестэй болох.

Бизнестэй болохын тулд эхлэх хөрөнгө зайлшгүй хэрэгтэй болохоор өөрийн зарим хэрэглээгээ хязгаарлан мөнгөө үргэлжлүүлэн хадгалж байгаа. Заримдаа банкны дэвтэрээ хараад би хадгалж, цуглуулж чадаж байна гэж бодоод өөрөөрөө бяцхан бахархдаг. Үүний минь ард мэдээж ханийн минь сэтгэл ч бий.

Харин ямар чиглэлийн бизнес хийх талаар бодол намайг шөнө ч тайван унтуулдаггүй гэж болно. Заримдаа зүүдэндээ шинэ санаа олно. Орж ирсэн шинэ санаа болгоноо дараа нь санахгүй байдаг тохиолдол их байдаг болохоор өөртөө бяцхан бизнес тэмдэглэлийн дэвтэр гаргалаа. Энэ дэвтэрээ өөртөө үргэлж авч явж, байнга харагдаж байх газар тавидаг. Өөртөө төрсөн шинэ санаа, түүнтэй минь холбоотой бодол, санаа, мэдээлэл гээд бүгдийг бичдэг. Заримдаа дэвтэрээ эргүүлж харах бас л сайхан. Амрах завгүй ажлын минь хажуугаар бяцхан тайтгарал, бахархал өгдөг зүйлийн нэг.

Энэ олон санаануудын минь нэг нь надад заавал амжилт авчирна гэж би итгэдэг. Бизнесмэн та ч гэсэн өөртөө орж ирсэн алтан санаануудаа алдахгүй хадгалж байхын тулд бяцхан тэмдэглэлийн дэвтэрээ нээгээрэй!

Та бүгдийг хүндэтгэсэн
Mandy

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд